Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: НЯГТЛАН БОДОГЧ

“Нягтлан бодох бүртгэл бол бизнесийн хэл юм”

Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөр нь аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн аудит, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөх мэдлэгтэй, асуудлыг судлах, шүүн тунгаах, шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлсэн, нийгмийн эрэлт, хэрэгцээг хангасан мэргэжлийн ур чадвартай бакалаврын болон ахисан шатны боловсролын зэрэгтэй нягтлан бодогчийг бэлтгэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа юм. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Техник ур чадвар: Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, тайлагнах, хянах, санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааны төсөв зохиох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах техник ур чадвар
  • Мэргэжлийн ур чадвар: Эдийн засгийн юмс үзэгдлийн хоорондын уялдаа холбоог судлан шинжлэх, нөхцөл байдал болон хэтийн төлөвийг үнэлэх, асуудлыг шийдвэрлэхэд оновчтой үндэслэл гаргах, шинэ санаа дэвшүүлэх, эрэлхийлэх, багаар хамтран ажиллах, бусдад нөлөөлөх, манлайлах, үүрэг амлалт, даалгаврыг тогтсон хугацаанд гүйцэтгэх зэрэг оюуны, хувь хүний, зохион байгуулалтын болон  харилцааны  ур чадвар
  • Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй, хандлага: Асуудалд өөрийн байр суурьнаас хандах, хууль дүрмийг чандлан мөрдөх, нийтийн ашиг сонирхлын төлөөх үүргээ ухамсарлах, ёс зүйн зарчмыг дагаж мөрдөх хандлагыг төлөвшүүлэх 
  • ХАА-н салбарын онцлогийг таниулах, үйл ажиллагааг бүртгэх тайлагнах, шинжлэх ур чадвар

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Нягтлан бодогч,
  • Татварын байцаагч,
  • Хөрөнгийн үнэлгээчин,
  • Аудитор,
  • Татварын зөвлөх,
  • Аутсорсингийн үйлчилгээ,
  • Удирдлагын нягтлан бодогч, эдийн засагч,
  • Санхүүч
  • Удирдах ажилтан
  • Их дээд сургуульд багш, судлаач

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Нягтлан бодогч мэргэжилтэнд тавигдах шаардлага нь дижитал технологи, үүлэн тооцоололд суурилсан НББ, хиймэл оюун ухаан, даяарчлал, татварын болон бизнесийн хууль, компанийн засаглал, дүрэм, журам, стандарт, НББ-ийн үйлчилгээний аутсоурсинг, өмчийн эзэд, бизнесийн удирдагчдын нягтлан бодогчдоос хүлээж буй хүлээлт зэргийн нөлөөгөөр улам өргөн цар хүрээг хамаарч тэр хирээр нягтлан бодох бүртгэлийн боловсролын агуулга шинэчлэгдэж байна. Манай сургуулийн нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 90 хувь ба үүнээс 80 орчим хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Нягтлан бодох бүртгэл мэргэжил нь олон улсын түвшинд рейтингээрээ “Хамгийн сайн бизнесийн мэргэжил”-ийн №3-д жагсаж байна. Энэ рейтингийг тогтоохдоо цалин, ажил эрхлэлт, стресс зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг. Ийм ч учраас энэ чиглэлээр суралцах элсэгчдийн тоо жил бүр өсөж байгаа ба зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боловсролын байгууллага ч олон байна.

ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН

  • Сургалиын үйл ажиллагаа явуулах 50 жилийн туршлагатай.
  • АНУ-д төвтэй бизнесийн сургуулиуд, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, (ACBSP)-ийн байгууллагаар хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн.
  • Дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагаар 2 удаа магадлан итгэмжлэгдсэн
  • Сургалт - судалгаа хосолсон, кампус хэлбэрээр экологийн цэвэр бүсэд байрладаг Монголын цорын ганц их сургууль юм.
  • ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Канад орнуудад 1+3, 2+2 хос дипломтой төгсөх боломжтой.
  • Гадаадын хамтын ажиллагаатай их сургуулиудад сургалтын дадлага хийх боломжтой.
  • Мэргэжлийн зэрэг цол (Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх, Мэргэшсэн үнэлгээчин)-той эзэмшсэн чадварлаг багш нартай, тэдгээрийн 50 орчим хувь нь докторын зэрэгтэй.
  • Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги, лаборатори, заалтай.
  • Суралцагчид нь бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой 
  • Оюутнууд сургалтын улиралдаа нийцүүлэн төлбөрөө хувааж төлөх уян хатан зохицуулалттай. 

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 480

                                                                                          Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 480